Life

Цаг агаар эрс хүйтэрч -47 хэм хүрнэ

УЦУОШГ-аас цаг агаар хүйтэрч, цасан шуурга шуурахыг сэрэмжлүүлж байна. 

Цаг агаарын урьдчилсан мэдээгээр өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар, нэгдүгээр сарын 25-нд говь болон зүүн аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтний эрч чангарч, зам, даваа, гүвээнд халтиргаа гулгаа үүсэж, үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхааруулж байна. Түүнчлэн нэгдүгээр сарын 26-нд зүүн аймгуудын ихэнх нутаг, төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 27-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 28-нд нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. 

Салхи нэгдүгээр сарын 25, 26-нд говь, тал, хээрийн нутгаар зарим үед секундэд 16-18 метр, 28-нд нутгийн зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. 

Нэгдүгээр сарын 25-наас ихэнх нутгаар хүйтний эрч чангарч, Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр шөнөдөө -42…-47 градус, өдөртөө -28…-33 градус, Их нууруудын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Халх голын хөндийгөөр шөнөдөө -34…-39 градус, өдөртөө -22…-27 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -18…-23 градус, өдөртөө -11…-16 градус, бусад нутгаар шөнөдөө -26…-31 градус, өдөртөө -16…-21 градус хүйтэн байна. 

Энэ удаагийн хүйтрэл сурагчдын амралт дуусаж байгаа цаг хугацаатай давхцаж байгаа тул хүүхдээ хөдөөнөөс ганцааранг нь сургуульд нь явуулахгүй байх, дулаан хувцаслуулж, бага ангийн сурагчдыг хэд хоногтоо хүргэж өгч авч байхыг зөвлөжээ.

Манай оронд цаг агаар ийнхүү муудаж эхлэх бол өнөөдөр Англи, Ирланд улсын нутгаар Аоэн нртэй далайн хүчтэй хар шуурга дайрч өнгөрөх төлөвтэй байна хэмээн MetOffice байгууллагаас анхааруулж байна. Энэ шуурганы улмаас мод бут үндсээрээ булга үсэрч, байшин барилгын дээвэр хууларч, гадна тохижилтын харьцангуй хөнгөн жингийн эд зүйлс хийсэх магадлал өндөртэй гэж болгоомжлон сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг энэ баасан гарагт түр хаахаар орон нутгийн захигаанаас шийдвэр гаргажээ. 

Холбоотой мэдээнүүд

Back to top button