2024 онд дэлхий даяар 1.4 тэрбум хүн гадаадад аялжээ
НҮБ-ын дэргэдэх Дэлхийн Аялал Жуулчлалын Байгууллага (UNWTO)2024 оны тайлангаа танилцууллаа. Өнгөрсөн онд дэлхий даяар 1.4 тэрбум хүн гадаадад аялсан нь цар тахлын өмнөх хэмжээндээ анх удаа хүрсэн тохиолдол аж. Энэ тоо нь 2019 онд аялсан хүмүүсийн тооны 99 орчим хувь юм. Өнгөрсөн онд жуулчдын зарцуулсан мөнгөний нийт хэмжээ $1.9 их наяд хүрсэн нь дунджаар нэг жуулчин $1,000 гаруйг үрсэн гэсэн үг юм.
Чиглэлээр нь авч үзвэл хамгийн олон буюу 747 сая хүн Европ тивийг зорьжээ. Европын орнуудаас төдийгүй дэлхийн улс орнуудаас Франц улс 2024 онд хамгийн олон буюу 100 сая жуулчин хүлээж авсан байна. Хоёрдугаар байранд 98 сая жуулчинтай Испани улс оржээ. Парисын Зуны олимп, сэргээн засварласан Нотр Дамын нээлт, Нормандад холбоотны цэргүүд газардсаны 80 жилийн ой гэсэн гурван үйл явдал өнгөрсөн онд Францыг зорих гол шалтгаанууд байсан байна. Европын дараа Ази, Номхон далайн бүс нутаг 316 сая, Умард, Өмнөд Америк тивүүд 213 сая, Ойрх Дорнод 95 сая, Африк тив 74 сая жуулчин тус тус хүлээн авчээ. Зарим жижиг улс орнууд өөрийнхөө хэмжээнд хүлээж авдаг жуулчдынхаа тоог эрс өсгөж чадсан байна. Тухайлбал Ойрх Дорнодын Катар улс жилд авдаг жуулчдынхаа тоог 2024 онд 137 хувиар өсгөжээ.
Жуулчдаас залхсан зарим хотууд 2024 онд татвар авах, квот тогтоох зэрэг зочдынхоо тоог хязгаарлах арга хэмжээнүүд авч эхэлсэн. Зарим хотуудад жуулчдыг эсэргүүцсэн жагсаал цуглаан хүртэл зохион байгуулагдаж байв. Тиймээс UNWTO тайландаа 2025 онд тэнцвэртэй, хүрээлэн байгаа орчинд халгүй аялал жуулчлалыг хөгжүүлэхийг, сайн танигдаагүй шинэ улс орнуудыг сонгож аялахыг жуулчдад уриалжээ.