Технологи

Мета компани ТикТокийн инфлүнсерүүдэд Фэйсбүүк, Инстаграмд шилжвэл $5,000 төлөх болзол зарлажээ

Мета компани АНУ-ын нөлөө бүхий ТикТок контент бүтээгчдэд Фэйсбүүк, Инстаграм платформуудад шилжиж ирвэл $5,000 хүртэл мөнгөөр урамшуулахаа амлажээ. Ингэхдээ ТикТокийн нэрийг шууд дурдалгүй “гуравдагч сошиал платформ” гэж нэрлэсэн байна. Гэхдээ ТикТокийг АНУ-ын зах зээлд хориглох асуудал хурцаар яригдаж буй цаг үед ийм болзол зарласны зорилго тодорхой юм. Дагагчийнх нь тоонд үндэслэн урамшууллын хэмжээг тогтоохоо Мета тайлбарлажээ. Хятад эзэмшилтэй ТикТок одоогоор АНУ-ын зах зээлд 170 сая хэрэглэгчтэй болоод байгаа. АНУ-ын эрх баригчид тус компанийг иргэдийнх нь хувийн мэдээллийг Хятадын засгийн газарт дамжуулдаг байж болзошгүй хэмээн сэжиглэдэг. Энэ сэжгийн улмаас өнгөрсөн оны дөрөвдүгээр сард Конгресс эзэмшлээ Америкийн хөрөнгө оруулагчдад зарахгүй бол үйл ажиллагааг нь хориглох нөхцөлтэй хуулийг баталж байв.

Уг хориг өнгөрсөн амралтын өдөр үйлчилж эхлэх ёстой байсан ч ерөнхийлөгч Дональд Трамп ажлын эхний өдрөө хоригийг 75 хоногоор хойшлуулах захирамж гаргасан юм. Гэхдээ сунгасан хугацаанд ТикТокийг худалдаж авах эзэн олдох эсэх, олдсон ч Хятадын эзэмшигчтэй нь үнэ тохирч чадах эсэх тодорхойгүй байна. Метагийн урамшууллыг авахын тулд тухайн хүн 90 хоногийн турш платформууд дээр нь идэвхтэй ажилласан байх шаардлагатай гэнэ. Тухайлбал Фэйсбүүк дээр 30 хоног тутамд хамгийн цөөндөө 20 рийл, Инстаграм дээр 10 рийл буюу богино хэмжээтэй видео нийтэлсэн байх ёстой юм байна. Бас эдгээр нь өмнө нийтлэгдэж байгаагүй “оригиналь” байх ёстойг заажээ. Гэхдээ нөгөө талаар Фэйсбүүк, Инстаграмд цоо шинээр хэрэглэгч болсон хүмүүс энэ урамшуулалд хамрагдахыг заасан нь хүрээг нэлээд хумьж байна. Хэрвээ дээрх бүх болзлыг хангавал бас баталгаажуулалтын “хөх тэмдэг” шууд авах эрхтэй ажээ.

Холбоотой мэдээнүүд

Back to top button