Бизнес

Хятадын нүүрсний зах зээлд Монголын эзлэх хувь өсөж, Оросынх буурч байна

Өнгөрсөн онд Монгол Улс болон Австралиас Хятадад нийлүүлэх нүүрсний хэмжээ өссөнтэй холбогдуулан тус улсын нүүрсний импорт түүхэн дээд түвшинд хүрсэн. Харин Хятадын ОХУ-аас импортлох нүүрсний хэмжээ 2023 онтой 6.9 сая тонноор буураад байна.

Хятадын нүүрсний зах зээлд ийнхүү буурч буй Оросын байр суурийг манай улсын нүүрсний экспорт нөхөх төлөвтэй байгааг салбарын шинжээчид тэмдэглэж байна. 2024 онд Хятадын нийт нүүрсний импортын хэмжээ 14 хувиар өсөж, 543 сая тоннд хүрсэн байна. Тус улсын гаалийн мэдээллээр Монгол Улсаас Хятад руу экспортолсон нүүрсний хэмжээ өнгөрсөн онд өмнөх оноос 19 хувиар өсөж, 82.9 сая тоннд хүрсэн бол Австралийнх мөн хугацаанд 60 гаруй хувиар өсөж, 52.5 сая тоннд хүрсэн үзүүлэлттэй байна.

Хятадын нүүрсний импортын өнгөрсөн оны өсөлт харьцангуй бага байсан ч Индонез тус улсын хамгийн том нийлүүлэгч хэвээр байна. Тус улс 2024 онд манай өмнөд хөршид 241 сая тонн нүүрс нийлүүлжээ. Оросоос экспортолж буй нүүрсний ханш өндөр байгаа нь, нөгөө талаас АНУ-аас тогтоосон шинэ хориг, хязгаарлалт ийнхүү Хятадын зах зээлд эзлэх хувь хэмжээ нь буурахад нөлөөлж буй. Хятадын өнгөрсөн оны гангийн үйлдвэрлэлд шаардагдах коксжих нүүрсний импортын 60 хувийг Монгол Улс бүрдүүлжээ.

Холбоотой мэдээнүүд

Back to top button