Life

Японы хамгийн том шорон өндөр настангуудаар дүүрчээ

Тус улсын нийслэл Токио хотоос хойд зүгт орших Точигигийн эмэгтэйчүүдийн шорон ганцаардсан ахмад настангуудаар дүүрчээ. Шалтгаан нь, ядуурал, гэхдээ настайчуудын ганцаардал, орхигдсон байдлаас болдог гэнэ. Услдаа хамгийн томд ордог Точигигийн эмэгтэйчүүдийн хорих ангийн харгалзагч Такаёоши Ширанагагийн ярьж буйгаар тэнд сарын 20,000-30,000 иен төлөөд амьдрах сонирхолтой хүмүүс ч байдаг байна. Шоронгийн хоригдлуудын дунд настайчуудын эзлэх хувь жилээс жилд нэмэгдэж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар Япон улсад ял эдэлж буй хүмүүсийн 80%-ийг 65 ба түүнээс дээш насныхан эзлэх ба ихэнх нь хулгайн хэргээр ял сонсчээ.

Мөн ядуу, ганцаардлын улмаас тэндээс гарах дургүй, зориудаар дахин, дахин гэмт хэрэг үйлдэж, хоригддог хөгшчүүд ч бас байдаг гэнэ. Тухайлбал, 81 настай Акиёо гэх хоригдол хүнсний дэлгүүрээс хулгай хийсэн хэрэгтэй. Тэрбээр Точигигийн шоронд хоёр дахиа ял эдэлж байгаа юм байна. Япон улсын хэмжээнд өндөр настангууд үр хүүхдэдээ хаягдаж ганцаар үлдэх, хоёр сард нэг удаа тэтгэвэр амьжиргаанд нь хүрдэггүй учир арга барагдахдаа хулгай хийж, шоронд орж, үнэ төлбөргүйгээр ахмад настны асрах газарт авдагтай ижил асаргаа, сувилгаа авдаг болсон аж.

Ийнхүү өндөр настангууд шоронд олширсон нь хорих газруудын үйл ажиллагаанд өөрчлөлт оруулахад хүргэжээ. Т.Ширанагагийн тайлбарласнаар, өмнө нь шоронгийн хоригдлуудыг цагийн хуваарийн дагуу зөвхөн тушаал өгөх замаар хүмүүжүүлдэг байсан бол одоо шоронгийн харгалзагч нар хөгшчүүдийг хооллож ундлах, усанд оруулах, живхийг нь солих, цагийн хуваарийн дагуу эмийг нь тогтмол уулгах зэрэг үүрэгтэй болжээ.

Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын мэдээлснээр Японы 65 ба түүнээс дээш насныхны 20% нэн ядуу амьдарч байна. Гэтэл тус байгууллагын бусад гишүүн 38 оронд энэ үзүүлэлт 14.2%-тай байдаг гэнэ. Японы Засгийн газрын явуулсан судалгаагаар 2022-2023 онд 65 ба түүнээс дээш настай иргэдийн тоо дөрөв дахин өссөн тул цаашид зориудаар гэмт хэрэг үйлдэн “шоронгийн халамж” хүртэгчид улам нэмэгдэх хандлагатай байна.

Холбоотой мэдээнүүд

Back to top button