Инстаграм видео засварладаг шинэ апп танилцуулна
“Instagram” платформ сүүлийн өдрүүдэд олон өөрчлөлт хийж байна. Өнгөрөгч долоо хоногт хэт хөөрхөн болгодог “beauty filter”-дээ устгаж, нүүр хуудасны хэмжээгээ ч өөрчлөөд амжсан.
Дахин нэг том шинэчлэлт нь тун удахгүй ашиглалтад оруулах гэж буй видео засварладаг шинэ аппликейшн юм.
“ByteDance” компанийн эзэмшдэг “TikTok” болоод “CapCut“-ыг АНУ-д хууль ёсоор хориглосон өдөр буюу 1-р сарын 19-ны өдөр Метагийн эзэмшдэг Instagram “Edits” нэртэй видео засварладаг шинэ платформоо танилцуулжээ. Энэхүү апп нь 2-р сард хэрэглээнд нэвтэрч эхлэх талаар тус компаниас мэдэгдсэн юм.
Энэ мэдэгдлийг дэлхийн томоохон хэвлэлүүд “TikTok”-ын орон зайг Инстаграмын “Reels””-ээр орлуулж, “CapCut“-ын оронд “Edits”-ыг санал болгон зах зээлийг өөрсдийн зүг татах гэсэн оролдлого хэмээн үзэж байна.
Гэвч энэ бүхний эцэст “TikTok” АНУ-д эргэн сэргэж эхэлснээр энэ оролдлого амжилтгүй болох эрсдэлтэй тулгараад байна.