Шинээр баригдаж буй бүх барилгад халаалт өгөх боломжгүй
Хотын дарга Х.Нямбаатар УИХ-ын Байнгын хорооны хуралдаан дээр мэдээлэл өгөхдөө, нийслэл хотод шинээр баригдаж байгаа ямар ч барилгад дулаан, халаалт өгөх боломжгүй болсон гэж мэдэгдлээ.
Нийслэл хотын дулааны эх үүсвэрийг нэмж шийдэхгүйгээр одоо байгаа хүчин чадлаараа ямар ч барилгад, бүр нэг кв/м талбайд ч халаалт өгөх боломжгүй нөхцөлд ажиллаж байна.
Өөрөөр хэлбэл Улаанбаатар хотын барилгууд төвийн хэсэгтээ багахан талбайд шахцалдан баригддаг нь дулааны эх үүсвэр дутмаг байгаатай нэг талаар холбоотой. Ийм нөхцөлд хот хоёр тийшээ тэлэх боломж хязгаарлагдмал байгаа юм.
Иймд халаалтыг шийдэх тархмал эх үүсвэрийг 2-3 газарт байгуулахаар ажлын хэсэг гараад ажиллаж байна. Тэр болтол газрын гүний халаалтын технологийг судалж байна.
БНХАУ ийм аргаар барилга байшингуудынхаа халаалтыг шийдэх туршлагаараа дэлхийд өнөөдөр тэргүүлж байна. Бид туршлага судалж байна гэсэн тайлбарыг өглөө.