Алдартнуудыг гүтгэдэг блогчинд хорих ял оноолоо
БНСУ-ын Sojang гэх юүтүбэрт Инчоны шүүхээс алдартнуудыг гүтгэж, худлаа мэдээлэл тараасан хэргээр ял оноолоо. Шүүгч Ким Сэт Бёль “Энэ бол маш хүнд гэмт хэрэг. Гүтгэх, худал мэдээлэл тараах нь хохирогчид сэтгэл санааны эргэн нөхөгдөхгүй хохирол учруулдаг тул хатуу шийтгэх ёстой. Хэрэгтэн маш олон удаа хуурамч бичлэг үйлдэж, хүн гүтгэн, багагүй хэмжээний орлого олж байсан нь тогтоогдсон” гээд хоёр жилийн тэнсэн харгалзах ял, 200 сая воны торгууль оноожээ. Хорих ялыг биечлэн эдлүүлэх гэсэн боловч блогчин эмэгтэй гэм буруугаа хүлээсэн, зарим хохирлыг барагдуулсан нь хөнгөлөх шалтгаан болсон байна. Жишээ нь, тэрээр 60 сая воны төлбөр төлсний дотор IVE-гийн Чан Вонёнд 20 сая вон шилжүүлжээ.
Шүүхийн баримтаас үзэхэд Пак 2021 оны аравдугаар сараас 2023 оны зургаадугаар сар хүртэл BTS-ийн Ви, Чонгук болон Чан Вонён, Кан Даниэль тэргүүтэй алдартнуудыг гүтгэн доромжилсон 23 бичлэг хийж, юүтүүб сувагтаа байршуулжээ. Хуурамч аудио бичлэг, монтажлаж зассан дүрс, хуурамч мэдэгдэл, байхгүй гэрчийн яриа гээд маш олон худал зүйл ашиглаж байсан байна. Бараг бүх бичлэг нь доромжилж, гүтгэсэн өнгө аястай бөгөөд эдгээр бичлэгнийхээ зар сурталчилгаа, захиалгаас Пак нь 250 сая воны орлого олжээ.
Шүүх хурал дээр Пак “Би өөрийн интернэт ертөнцийн хамааралд орж, сайн мууг ялгахаа больсон байлаа. Хандалт авах гэж улайран хөөцөлдөж байсан минь алдаа байсан. Маш их харамсаж байна. Цаашдаа хариуцлагатай, үнэн зөв амьдрахаа амлаж байна” гэж хүлцэл өчсөн юм.