Тавантолгой түлш ХХК 1.2 их наяд төгрөгийн алдагдал хүлээжээ
“Тавантолгой түлш” ХХК үйлдвэрийн хэрэглэгчдийн тоо өнгөрсөн онд 10 хувиар, үйлдвэрлэлийн хэмжээ 200 мянган тонноор нэмэгдэж, 1.2 их наяд төгрөгийн алдагдал хүлээжээ. Үүний шалтгаан нь сайжруулсан нэг шуудай түлшийг 20.800 төгрөгөөр үйлдвэрлэчихээд 3750 төгрөгөөр зарж байгаатай шууд холбоотой гэж үйлдвэрийн одоогийн удирдлагууд мэдэгджээ. Хамгийн гол нь хотын утаа шахмал түлшийг хэрэглээд огт буураагүй, харин ч илч муутай гэсэн гомдол байнга ирэх болжээ.
Иймд үндсэн зах зээл буюу хэрэглэгч нь нийслэл хотод байгаа тул “Тавантолгой түлш” ХХК-ийг ЭХЯ-аас НЗДТГ-ын мэдэлд шилжүүлжээ.
Сайжруулсан түлшний үйлдвэрийг шинэ менежментээр удирдаж, үр ашиггүй зардлуудыг танаж, өмнөх үйл ажиллагаанд аудит хийх, ажилчдыг цомхотгох, хийн түлшний хэрэглээг нэвтрүүлж, нүүрсний хэрэглээг эрчимтэй багасгах, сайжруулсан түлшний одоогийн түгээлтийг технологиор хянах арга хэмжээг авахаар болжээ.
Хэрэглээнд олон төрлийн хийн түлшнийг нэвтрүүлэхээс гадна түлшний бодит үнийг гаргаж, удирдлагын зардлыг танана гэдгийг Нийслэлийн засаг дарга Х.Нямбаатар албан ёсоор мэдэгдлээ. Сайжруулсан түлшний үнийг энэ онд өөрчлөхгүй ч ирэх оны зургаадугаар сарын 1-нээс түлшний тарифыг шинэчлэхээр төлөвлөжээ.
Ирэх оны зургаадугаар сарын нэгэн гэхэд ажилчдын тоог 50 хувиар багасгах төлөвлөгөөг НИТХ-д танилцуулж, яш үүнтэй зэрэгцүүлэн ажлаас чөлөөлөгдөж буй хүмүүсийг нийслэлийн харьяа байгууллагад ажлын байраар хангах бодлогыг баримтлах аж.