Арабика сортын кофены үнэ түүхэн дээд түвшинд хүрлээ

Арабика сортын кофены биржийн үнэ мягмар гарагт түүхэн дээд түвшинд хүрч, нэг тонн нь анх удаа 7909 ам.долларт хүрчээ.
Зах зээл судлаачид үүнийг сүүлийн 13 жилийн хугацаанд гарч байгаагүй үнийн огцом өсөлт гэж тайлбарлаж байна. Үнэ нь ийнхүү өсөх болсон шалтгаан нь кофены тариалангийн гол бүс нутаг Бразилд сүүлийн 80 жилд болж байгаагүй ган болж, ургац алдсантай холбоотой.
Арабика кофены үнэ он гарснаас хойш 13 хувиар өсжээ. Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард уг сортын үнэ ерөнхийдөө тогтвортой байсан бол арваннэгдүгээр сард 30 хувиар өсөж, нэг тонн нь 7000 ам.долларыг давж байв. Ингээд 2024 он гарснаас хойш арабика сортын үр 40 хувийн өсөлтийг үзүүлээд байгаа юм.
Үүнтэй зэрэгцээд робуста сортын кофены гуравдугаар сарын фьючерс үнэ мягмар гарагт 1.56 хувиар өсөж, тонн нь 5545 ам.доллароор арилжаалагджээ. Гол нийлүүлэгч болох Вьетнамд олон хоног үргэлжилсэн халалт тариалангийн ид ургалтын үетэй давхцаж, ургац алдсан юм.
Шинжээчид энэ өсөлтийг ирэх намрын ургац хүртэл үргэлжлэх төлөвтэй гэж таамаглаж байна. Хэрвээ өсөлт хэвээр байвал зах зээл дээр боловсруулаад хийдэг бүтээгдэхүүний үнэ дагаад өсөж байна. Тухайлбал, “Nestlé”, “Lavazza” зэрэг томоохон брэндүүд шинэ оноос үнийн өөр бодлого баримтлахад хүрээд байна. Иймд кофены бизнесээр дагнасан томоохон сүлжээ газрууд нөөцөө бүрдүүлж эхэлж байгаа нь бас өсөлтийг өдөөсөн нэг шалтгаан гэж бичиж байна.
Дэлхий даяар кофены хэрэглээ жилээс жилд өсөж, хамгийн том худалдан авагчаар уламжлалт хэрэглээ өндөртэй орнууд дээр БНХАУ нэмэгджээ.