Үндэсний дээд лигийн аварга баг ирэх улирлаас Зүүн Азийн супер лигт өрсөлдөнө
Зүүн Азийн супер лиг, Монгол Улсын Үндэсний дээд лигтэй хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурлаа. Ингэснээр 2025-2026 оны улирлаас эхлэн Зүүн Азийн супер лигт Монголын Үндэсний дээд лигийн аварга баг өрсөлдөх юм. Зүүн Азийн супер лигийн мэдэгдэлд “Бид бүс нутгийн шилдэг багуудыг нэгтгэх зорилготой. Монгол Улсыг энэ тэмцээнд багтааасан нь хамгийн том өрсөлдөөн үзүүлэх эрхэм зорилгын илэрхийлэл юм” гэжээ.
Зүүн Азийн супер лигт Филиппин, Япон, Өмнөд Солонгос, Тайвань, Хонконг, Макоагийн лигийн аваргууд оролцох юм. Зүүн Азийн Супер лиг нь 2016 онд байгуулагдах үндсээ тавьж 2023-2024 оны улиралд анхны тэмцээнээ эхлүүлж байсан ажээ. Анхны улиралд нь Япона “Чиба Жетс” баг түрүүлж байсан юм.
Монголын сагсанбөмбөгийн Үндэсний дээд лиг энэ жил 30 жилийн ойгоо тэмдэглэж байна. Тэгш ойн жилдээ ийнхүү бүс нутгийн томоохон тэмцээнд багтах болсон нь сагсанбөмбөгийн спортод шинэ түүх бүтээсэн үйл явдал болж байна.