Life

Бангкок агаарын бохирдлыг бууруулахын тулд нийтийн тээврийг 7 хоногийн турш үнэгүй болгоно

Тайландын Ерөнхий сайд Петхонгтан Чинават нийслэл Бангкокийн агаарын бохирдлыг бууруулах арга хэмжээ болгож ирэх бямба гарагаас эхлэн долоо хоногийн турш хотын нийтийн тээврийг үнэгүй болгох шийдвэр гаргажээ.

Тус хотод сүүлийн өдрүүдэд ноцтой түвшинд хүрээд байгаа агаарын бохирдлыг бууруулах богино хугацааны шийдэл нь хувийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлаж, замын ачааллыг бууруулах явдал гэж Тайландын эрх баригчид үзэж байгаа юм. Энэ хүрээнд хотын нийтийн тээврийн автобус болон цахилгаан галт тэрэгний тасалбарыг үнэгүй болгох чиглэлийг Ерөнхий сайдаас авснаа тус улсын Зам тээврийн сайд ба Ерөнхий сайдын орлогч Сурия Жуангрунруангкит баасан гарагт мэдээллээ. Мөн Засгийн газраас нь “BTS Group”, “Bangkok Expressway & Metro” болон бусад Төрийн өмчит нийтийн тээврийн компаниудад үнэгүй үйлчилсний татаас олгох аж.

Аялал жуулчлалын томоохон бүс Бангкок хотын агаарын бохирдлын асуудал даамжирч, албаныхан энэ долоо хоногийн эхээр хотын дийлэнх сургуулийн хичээлийг амраасны сацуу иргэдийг боломжтой бол гэрээсээ ажиллахыг уриалсан байна.

Нарийн ширхэглэгт PM2.5 тоосонцрын бохирдлоос үүдэлтэй эдийн засгийн хохирол сард багадаа гурван тэрбум бат буюу 89 сая ам.доллар орчим байх тооцоог Бангкокт төвтэй Касикорн судалгааны төв гаргажээ.

Хотын бохирдлын тодорхой хэсэг нь дотоодоосоо үүдэлтэй ч Камбож, Лаос зэрэг Зүүн Өмнөд Азийн бусад улсад тариаланчид тариан талбайн өвс шатааснаас үүдэлтэй улирлын чанартай бохирдол Тайланд улсад нөлөөлдөг байна. Хэдий тийм боловч Тайландын Засгийн газар нийтийн тээврийг үнэгүй болгосноор нөхцөл байдал өөрчлөгдөнө гэж үзэж байгаа аж.

“Нийтийн тээврийг долоо хоногийн турш үнэгүй болгосноор хувийн автомашины хэрэглээ 20-30 хувиар буурна гэж үзэж байна. Үр дүнг нь үнэлсний дараа энэ арга хэмжээг цаашид сунгах эсэхийг шийднэ” гэж Зам тээврийн сайд ба Ерөнхий сайдын орлогч Сурия Жуангрунруангкит онцолжээ. 

Холбоотой мэдээнүүд

Back to top button