Jennie анхны соло цомгоо гаргах өдрийг зарлалаа
Женни анхны соло цомгоо “Ruby” нэртэйгээр ирэх сарын 7-нд гаргахаа зарлалаа. ODDATELIER Entertainment компанийн мэдээлснээр, Женнигийн “Ruby” цомог нь нийт 15 дуутай ба түүний 2024 онд гарсан “Mantra” синглэ мөн багтаж буй аж.
Тус цомогт Childish Gambino, Doechii, Dominic Fike, Dua Lipa, FKJ болон Kali Uchis зэрэг уран бүтээлчидтэй хамтарсан бүтээлүүд багтаж байгаа гэнэ.
Өнгөрөгч жил гаргасан “Mantra” синглэ нь дэлхий дахинд шуугиан тарьж, 47 орны iTunes Top Songs чансаанд тэргүүлсэн бөгөөд үүнд АНУ, Бразил, Сингапур, Филиппин, Мексик зэрэг улс орнууд оржээ. Мөн тус синглэ нь Billboard Hot 100-д хоёр долоо хоног дараалан ороод, АНУ-ын iTunes Top Songs чансааг тэргүүлсэн анхны К-поп эмэгтэй ганц бие дуучин болж чадсан юм.
Дэлхийн хэмжээнд хүлээлт үүсгээд буй “Ruby” цомгийн трэйлер бичлэг дээр Жэнни нь цоо шинэ дүр төрхтэй гарч ирсэн нь шүтэн бишрэгчдэдээ өндөр хүлээлт үүсгээд байна.
Түүнчлэн, Женни 4-р сарын 13, 20-ны өдрүүдэд АНУ-ын Калифорни мужийн Индио хотод зохион байгуулагдах алдарт Coachella Valley Music and Arts фестивальд ганцаарчилсан тоглолт хийхээр зарлагдсан бөгөөд энэ нь түүний дэлхийн тавцан дахь дараагийн том үзүүлбэр болох нь дамжиггүй.