Шөнийн цагаар цахилгаан эрчим хүч үйлдвэрлэдэг нарны хавтанг зохион бүтээжээ
Цацрагийн хөргөлтийн системийг ашиглан шөнийн цагаар цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх боломжтой болж байгаа аж.
Стэнфордын их сургуулийн эрдэмтэд шөнийн цагаар цахилгаан эрчим хүч үйлдвэрлэдэг нарны хавтанг зохион бүтээжээ.
Нарны цахилгаан үүсгүүр нь зөвхөн өдрийн цагаар эрчим хүч үйлдвэрлэдэг буюу нарнаас хэт хамааралтай байдгаараа энергийн бусад эх үүсвэрээс дутагдалтай байдаг. Нарны хавтан нь наранд маш сайн ажилладаг боловч шөнийн цагаар тасалдалгүй цахилгаан эрчим хүч үйлдвэрлэдэггүй юм.
Харин уг асуудлын шийдлийг Стэнфордын их сургуулийн эрдэмтэд олоод буй талаар мэдээллээ. Цацрагийн хөргөлтийн системийг ашиглан шөнийн цагаар цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх боломжтой болж байгаа аж. Цацрагийн хөргөлт буюу радиант хөргөлт нь шөнийн цагаар дулааныг гадаргууд шингээж, хэт улаан туяаны энергийг сансар луу буцааж ялгаруулах үеэр үүсдэг идэвхгүй процесс юм.
Энэхүү үүсэж буй температурын зөрүүг эрчим хүч үүсгэхэд ашиглаж болох ба судлаачид дулааны цахилгаан үүсгүүрийг нарны хавтанд холбосноор цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх дулааныг цуглуулж чадсан байна.
Уг шинэчлэгдсэн нарны хавтангууд нь шөнийн цагаар нэг метр квадрат тутамд 50 милливатт цахилгаан үйлдвэрлэжээ. Энэ нь энгийн өдрийн цагаар ажилладаг нарны хавтангаас хамаагүй бага боловч цаашид сайжруулах боломж байгаа талаар Стэнфордын ахлах судлаач Шанхуй Фан дурдлаа.
Шөнийн цагаар цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх боломжтой нарны хавтан нь тогтвортой эрчим хүчний салбарт томоохон нөлөө үзүүлэх шинэчлэлт хэмээн судлаачид үзэж байна.