Монголын утаа элэгний хавдар үүсгэдэг
Монгол болон баруун Европын орнуудаас цуглуулсан 379 элэгний хавдрын эсэд молекулын шинж чанарыг тодорхойлох судалгаа хийхэд зөвхөн Монгол Улсаас ирүүлсэн 179 сорьцоос нүүрсний шаталтаас үүсдэг диметил сульфид хэмээх бодисоос үүссэн шинэ мутац илэрчээ. Энэ судалгааг гадны эрдэмтэд хийсэн. Ингээд эрдэмтдийн баг 4 хавдар тутмын 1-д ийм мутацд орж байна. Элэгний хавдраар өвчлөх бас нэг хүчин зүйл нь агаарын бохирдол буюу Улаанбаатар хотын утаа гэсэн дүгнэлтэд хүрчээ.
Монгол Улс нийт хавдрын өвчлөлөөрөө дэлхийд 52 дугаарт, харин нас баралтаар дэлхийд нэгдүгээрт эрэмбэлэгдэж байна.
Монгол Улсад элэг, ходоод, уушги, умайн хүзүүний хавдар их. Харин дэлхийд хөх, бүдүүн шулуун гэдэс, уушги, элэг ходоодны хавдар түгээмэл.
Агаарын бохирдол амьсгалын замын гол эрхтэн болох уушгины хавдар үүсгэдэг гэдэг нь хөдөлшгүй тогтоогдсон. Өөр нэг баг болох Туркийн эрдэмтдийн хийсэн “Дунд ба өндөр орлоготой улсуудад агаарын бохирдол уушгины хавдрын өвчлөлд нөлөөлөх нь” судалгааны ажлын үр дүнд гадаад орчны агаарын бохирдол уушгины хавдарт илүү нөлөөлж байна гэсэн дүгнэлт гаргажээ. Манай улсад 2004-2023 оны хооронд дахь уушгины хавдрын өвчлөл тасралтгүй, тогтвортой нэмэгдэж байна.