Squid Game шинэ улирал хүлээлтэд хүрээгүйгээс холбоотой хувьцаанууд огцом уналаа
2021 онд гарахдаа Netflix-ийн хамгийн их үзэлттэй цуврал болж, БНСУ-ын энтертайнмент салбарын хувьцаанууд цойлоход түлхэц өгч байсан Squid Game-ийн хоёрдугаар улирлын ангиуд XII сарын 26-нд үзэгчдийн хүртээл болсон юм.
Дэлхийг байлдан дагуулсан Netflix-ийн Squid Game цувралын шинэ улирал үзэгчид, шүүмжлэгчдийн сэтгэлд төдийлөн хүрээгүй нь тус бүтээлтэй хамаарал бүхий БНСУ-ын компаниудын хувьцаа огцом унахад нөлөөлжээ.
Тухайлбал кино бүтээлийн дистрибьюшн, маркетингийн Artist United компанийн хувьцаа Kosdaq биржид 30 хувиар унаж, ханшийн нэг өдрийн хөдөлгөөний хязгаарт тулжээ. Тус компанид цувралын гол дүрийн жүжигчин И Жүн Жэ хамгийн өндөр дүнтэй хувьцаа эзэмшдэг юм.
Мөн Artist United-ийн өөр нэг хөрөнгө оруулагч Wysiwyg Studios-ийн хувьцаа 25 хувиар, Netflix-ийн Өмнөд Солонгос дахь түнш Dexter Studios-ийн хувьцаа 24 хувиар унасан байна.
Цувралын шинэ улирал одоогоор Rotten Tomatoes дээр шүүмжлэгчдээс 85 хувь, үзэгчдээс 65 хувийн үнэлгээтэй байна.