Эдийн засагт хамгийн их “хорлонтой” зүйл бол цөлжилт
Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 16 дугаар бага хурал (COP-16) болж байна. “Бидний газар, бидний ирээдүй” сэдвийн хүрээнд болж буй энэ удаагийн хурлаар Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын болон цөлжилт, газрын доройтолтой тэмцэж, 2030 он гэхэд газар хөрсийг сэргээх зорилтын хэрэгжилт, ган, цөлжилтийн эсрэг хариу арга хэмжээ авах, байгальд ээлтэй хүнсний үйлдвэрлэл, эмэгтэйчүүдийн газар эзэмших эрх, залуучуудын оролцоо, ажлын байр зэрэг олон асуудлыг өргөн хүрээнд хэлэлцэж байна.
НҮБ түүний гишүүн орнуудын бүс нутгийн хэмжээнд явуулсан судалгаагаар дэлхийн хэмжээнд жил бүр 6 сая га газар цөл болон хувирч буйг тогтоожээ. Түүнчлэн дэлхийн ихэнх нутаг орныг хамарсан ган, цөлжилтийн шууд нөлөөнд нэг тэрбум хүн амьдарч, жилдээ 300-аад сая хүн өлсгөлөн ядуурлын улмаас нас барж байгааг тэмдэглэжээ. Ийнхүү ган, цөлжилт нь маш олон хүний амьдралын чанарыг дордуулж, ядуурал, ажилгүйдэл, гэмт хэргийн гол шалтгаануудын нэг болсоор байна. Дэлхийн улс орнууд хамтын хүчин чармайлтаар хуримтлагдсан олон асуудлыг шийдвэрлэх боломжтойг хүлээн зөвшөөрч, 1992 онд Рио Де Жанейрод болсон НҮБ-ын “Байгаль орчин ба хөгжил” бага хурлаас “Цөлжилттэй тэмцэх олон улсын Конвенц”-ийг батлах шийдвэрийг гаргаж байсан билээ.